Хайлтын үр дүн

516 илэрц олдлоо.

/ 2025 он

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолоор баталсан Зээлийн хүүг бууруулах стратегийн хэрэгжилтийн тайланд дүн шинжилгээ хийсэн. Зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах макро эдийн засгийн тогтвортой орчин бүрдүүлэх, зээлийн эрсдэлийн зардлыг бууруулах, банкны үйл ажиллагааны зардлыг бууруулах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж өрсөлдөөнийг нэмэгдүүлэх дөрвөн чиглэлийн 19 арга хэмжээ, 47 дэд арга хэмжээний хэрэгжилтийг судалсан. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон холбогдох байгууллагуудаас ирүүлсэн тайлан, статистик мэдээлэлд үндэслэн хэрэгжилтийн түвшнийг үнэлж, санал, зөвлөмж боловсруулсан

/ 2025 он

Монгол Улсын Их Хурлын 2024–2028 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэх суурь түвшнийг тодорхойлсон. Улсын Их Хурлын үйл ажиллагааны ерөнхий үнэлгээ, олон нийтийн оролцоог хангах байдал, хууль санаачлах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, гишүүний төлөөллийн чиг үүрэг, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг шинжилсэн. Дөрвөн аймаг болон нийслэлийн сонгосон дүүргүүдэд 1,522 иргэнийг асуулгад хамруулж, долоон удаагийн фокус бүлгийн ярилцлагын мэдээлэлд үндэслэн үнэлгээ, хамаарлын шинжилгээ хийсэн

/ 2025 он

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын үйл ажиллагаа болон Улсын Их Хуралд суудалтай МАН, АН, ХҮН нам, Үндэсний эвсэл, ИЗНН-ын талаарх иргэдийн үнэлгээ, хүлээлтийг тодорхойлсон. Улаанбаатар хотын дөрвөн дүүрэг, Дорнод, Хөвсгөл, Өвөрхангай, Ховд аймгийн нийт 124 иргэнийг фокус бүлгийн ярилцлагад хамруулж, 2024 оны сонгуулийн үр дүн, 126 гишүүнтэй парламентын үйл ажиллагаа, улс төрийн намуудын удирдлага, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх оролцогчдын тухайн үеийн байр суурийг шинжилсэн

/ 2025 он

Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүний экспортыг зохицуулж буй хууль тогтоомж, зөвшөөрөл, хяналт шалгалтын тогтолцоо, хэрэгжилтийн хүндрэл, давхардал, зөрчлийг судалсан. Мах боловсруулах үйлдвэр байгуулах, зөвшөөрөл авах, экспортын квот, мал эмнэлгийн болон гарал үүслийн гэрчилгээ, лабораторийн шинжилгээ, гаалийн бүрдүүлэлт, тээвэрлэлтийн үйл явцыг шинжилсэн. Мах экспортлогч аж ахуйн нэгж, төрийн байгууллагын төлөөлөлтэй хийсэн ярилцлага болон 2024 оны экспортын статистик мэдээлэлд үндэслэн тулгамдсан асуудал, шийдвэрлэх саналыг боловсруулсан

/ 2025 он

АНУ, ХБНГУ, БНСУ, Франц, Японы төрийн шагнал, одон, медалийн эрх зүйн зохицуулалт, шагналын төрөл, олгох шалгуур, эрх бүхий байгууллага, журам, хяналт, маргаан шийдвэрлэх тогтолцоог харьцуулсан. Шагнал олгоход зарцуулах төсвийн эх үүсвэр, санхүүжилтийн хэлбэр, зардлын бүтэц, ил тод байдлыг судалж, улс орнуудын шагналын тогтолцооны нийтлэг болон онцлог зохицуулалтыг нэгтгэсэн

/ 2025 он

ХБНГУ, Канад, Казахстан, БНСУ, Эстонийн орон сууцны ногоон санхүүжилтийн тогтолцоо, бодлогын зохицуулалтыг судалсан. Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны бүтээн байгуулалтыг дэмжих санхүүжилтийн байгууллага, хөнгөлөлттэй зээл, татаас, санхүүжилтийн эх үүсвэр, хамрагдагчид тавих шалгуур, ногоон барилгын стандарт, эрчим хүчний хэмнэлтийн шаардлагыг харьцуулсан

/ 2025 он

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлгийн гишүүний үйл ажиллагааг үнэлэх аргачлалын санал боловсруулсан. Хууль тогтоох болон хянан шалгах үйл ажиллагаа, хуралдааны ирц, ёс зүй, ил тод байдал, иргэдийн үнэлгээ, намын бодлого, гадаад харилцаа, оноо бууруулах шалгуурыг тусгаж, Тайванийн Citizen Congress Watch байгууллагын үнэлгээ болон АНУ-ын их сургуулиудын боловсруулсан Legislative Effective Score аргачлалын туршлагыг ашигласан

/ 2025 он

БНСУ, ХБНГУ, Эстони, Швейцарын хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн санал, санаачилгыг тусгах, эргэн мэдээлэх эрх зүйн зохицуулалтыг харьцуулсан. Хуулийн төслийг өргөн мэдүүлэхийн өмнөх болон парламентын хэлэлцүүлгийн үе шатанд иргэдээс санал авах хэлбэр, тавигдах шаардлага, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоо, саналыг хуулийн төсөлд тусгасан эсэхийг эргэн мэдээлэх хугацаа, хэлбэр, олон нийтийн оролцооны үнэлгээг судалсан

/ 2025 он

Вьетнам, ХБНГУ, Индонез, Казахстан, Сингапур, БНХАУ, Тайвань, БНСУ-ын бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний эрх зүйн зохицуулалт, ангилал, шалгуурыг харьцуулсан. Тус салбарыг хариуцдаг төрийн байгууллагуудын бүтэц, санхүүжилтийн эх үүсвэр, хөнгөлөлттэй зээл, батлан даалт, тэтгэлэг, татварын хөнгөлөлт зэрэг санхүүгийн болон сургалт, зөвлөгөө зэрэг санхүүгийн бус дэмжлэгийн туршлагыг судалсан

/ 2025 он

Монгол Улсын улс төрийн санхүүжилт, сонгогчдын санал худалдан авах үйлдлийг хориглох хууль тогтоомжийн зохицуулалт, зохицуулагдаагүй асуудлыг шинжилсэн. Улс төрийн санхүүжилтийн чиглэлээр БНСУ, Япон, Францын, санал худалдан авалтыг хориглох чиглэлээр Бразил, Канад, Эстонийн эрх зүйн зохицуулалтыг харьцуулж, санхүүжилтийн эх үүсвэр, хяналт, хязгаарлалт, хариуцлагын асуудлыг судалсан

/ 2025 он

Эстони, Итали, Словени, Финланд, БНСУ, БНХАУ, Казахстан, Ирланд, Бразилын төрийн үйлчилгээний процессыг шинэчилсэн туршлагыг харьцуулсан. Цахим санал хураалт, тээврийн хэрэгслийн бүртгэл, хог хаягдлын менежмент, татварын тайлагнал, нийгмийн хамгаалал, замын хөдөлгөөн, хил гааль, газрын бүртгэл зэрэг үйлчилгээний шинэчлэлийн үр дүнг судалж, зардал, цаг хугацааны хэмнэлт, хүртээмж, үр нөлөө болон амжилтгүй хэрэгжсэн туршлагыг авч үзсэн

/ 2025 он

Монгол Улсын иргэдийн хувь хүний орлогын албан татварын талаарх ойлголт, татвар төлөх хандлага, татварын шударга байдал, төрийн үйлчилгээний санхүүжилтийн талаарх үнэлэмжийг судалсан. Улаанбаатар хотын дөрвөн дүүрэг, таван аймгийн 1,202 иргэнийг асуулгад, 70 иргэнийг фокус бүлгийн ярилцлагад хамруулж, татвар төлөх хандлагад нөлөөлөх хүчин зүйлс болон прогрессив татварыг хүлээн зөвшөөрөх байдлыг шинжилсэн

/ 2015 он

Монгол Улсын мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын тоо, суралцагчид, төгсөгчид, тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, сургалтын санхүүжилтийг шинжилсэн. 2009–2014 оны мэдээлэлд тулгуурлан төрийн болон төрийн бус өмчийн сургалтын байгууллагууд, төгсөгчдийн ажил эрхлэлт, ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлт, хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлагыг авч үзсэн

/ 2015 он

Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэлийн нөхцөл байдал, аж ахуйн нэгжийн тоо, борлуулалтын орлого, төрөөс олгосон хөнгөлөлттэй зээл, шинээр бий болсон ажлын байрны мэдээллийг нэгтгэсэн. Бизнесийн бүртгэл, татвар төлөлт, тоног төхөөрөмжийн гаалийн татварын чөлөөлөлт, татан буугдсан аж ахуйн нэгжийн статистикийг авч үзсэн

/ 2015 он

Компанийн сайн засаглалын зарчим, хүний нөөцийн бодлогын зорилго, байгууллагын стратегитай уялдах байдал, хүний нөөцийн төлөвлөлт, ажилтны хөгжил, гүйцэтгэлийн удирдлагыг шинжилсэн. Хүний нөөцийн бодлогыг боловсруулах үе шат, байгууллагын бодлогод эзлэх байр суурь, хүний нөөцийн менежментийн загваруудыг тайлбарласан

/ 2015 он

Монгол Улсын уул уурхайн салбарын татвар, төлбөрийн тогтолцоо, татварын ачаалал, төсвийн орлогод оруулж буй хувь нэмэр, 2014–2015 оны олон улсын татварын өөрчлөлтийг шинжилсэн. Австрали, Канад, Ботсвана, Мозамбик, Өмнөд Африк, Танзани, БНХАУ, Индонез, Чилийн уул уурхайн татварын хувь хэмжээ, роялти, татварын зохицуулалтыг харьцуулсан

Судалгаа