Хайлтын үр дүн

849 илэрц олдлоо.

/ 2025 он

Монгол Улсын Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилтийг 5, 7, 8, 15 дугаар зүйлийн хүрээнд үнэлсэн. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт, төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, шаардлага, ёс зүйн зөрчилтэй холбоотой мэдээлэл, гомдлыг хянан шийдвэрлэх тогтолцоог судалсан. Ёс зүйн хороо, дэд хороодын үйл ажиллагаа, ёс зүйн зөрчилд хариуцлага хүлээлгэх байдал, хэрэгжилтийн хүндрэл, нотлох баримтын асуудлыг тоон мэдээлэл, санал асуулга, ярилцлагад үндэслэн үнэлж, санал, зөвлөмж боловсруулсан

/ 2025 он

Франц, Эстони, ОХУ, ХБНГУ, Шведийн парламентын санал хураалтын “тийм”, “үгүй” сонголтоос гадна “түдгэлзэх” санал өгөх эрх зүйн зохицуулалтыг харьцуулсан. Мөн парламентын гишүүн ашиг сонирхлын зөрчилтэй үед хэлэлцүүлэг, санал хураалтад оролцохоос өөрөө татгалзах, санал болон ирцийн бүртгэлд тусгах журмыг судалж, түдгэлзсэн санал болон санал хураалтад оролцоогүй байдлын эрх зүйн ялгааг тодорхойлсон

/ 2025 он

Улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийн орлого, зарлагыг нэг банкны дансаар хүлээн авч, зарцуулах, тусгай данс ашиглах эрх зүйн зохицуулалтыг судалсан. Монгол Улсын нэг дансны зохицуулалтыг Австрали, АНУ, Аргентин, Афганистан, Колумби, Монтенегро, Польш, Узбекистан зэрэг улсын туршлагатай харьцуулж, намын ердийн санхүүжилт болон сонгуулийн кампанит ажлын тусгай дансны ялгаа, санхүүгийн хяналт, тайлагнал, ил тод байдлын шаардлагыг авч үзсэн

/ 2025 он

Австрали, АНУ, ХБНГУ, БНСУ, Японы дүрслэх урлагийн салбар дахь зохиогчийн эрхийн хамгаалалтын зохицуулалтыг харьцуулсан. Уран бүтээлчийн эрх, урлагийн бүтээлийг дахин борлуулснаас хувь хүртэх эрх, татварын хөнгөлөлт, урамшуулал, бүтээлийг соёлын өвд бүртгэх, улсын болон нийтийн сан хөмрөгт худалдан авах, хадгалах, хамгаалах журам, экспорт, импортын хяналт, урлагийн бүтээлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн хариуцлагыг судалсан

/ 2025 он

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийн бүртгэл, мөрдөн шалгалт, прокурорын хяналт, шүүхээр шийдвэрлэсэн байдлын статистик мэдээллийг нэгтгэсэн. Авлигатай тэмцэх газрын 2020–2025 оны эхний хагас жил, Улсын Ерөнхий прокурорын газрын 2017–2025 оны эхний хагас жил, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017–2024 оны анхан шатны шүүхийн тоон мэдээллийг харьцуулж, гэмт хэргийн тоо, шийдвэрлэлтийн өөрчлөлт, чиг хандлагыг шинжилсэн

/ 2025 он

АНУ, Их Британи, Франц, БНХАУ, Энэтхэгийн зохиогчийн эрх, түүнд хамаарах эрх болон оюуны бүтээлийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг харьцуулсан. Зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээлийн төрөл, хамгаалалт хэрэгжүүлэх байгууллагын чиг үүрэг, эрх зөрчигчид хүлээлгэх эрүүгийн болон зөрчлийн хариуцлага, цахим орчинд ашиглах техникийн хамгаалалтын арга хэмжээ, эрх зөрчсөн контентыг устгуулах мэдэгдлийн тогтолцоог судалсан

/ 2025 он

Олон улсын валютын сангийн Төрийн санхүүгийн статистикийн гарын авлага (GFSM 2014) болон төсвийн орлого, зарлагын ангиллын олон улсын стандартуудыг судалсан. Киргиз, Армени, Молдова, Гүржийн төсвийн орлого, зарлагын ангиллыг харьцуулж, татварын болон татварын бус орлого, нийгмийн даатгалын шимтгэл, тусламж, төсвийн зарлагын эдийн засгийн ангилал, санхүүгийн тайлагналд ашиглах нийтлэг зарчмыг авч үзсэн

/ 2025 он

Сонгуулийн санхүүжилтэд төрөөс үзүүлэх дэмжлэгийн төрөл, хэмжээ, санхүүжүүлэх зардлын ангилал, дээд хязгаарын зохицуулалтыг харьцуулсан. Австри, Канад, ХБНГУ, Япон, БНСУ, Шинэ Зеланд, Бразил, Эстонийн улс төрийн нам болон нэр дэвшигчид төсвөөс санхүүжилт олгох нөхцөл, шаардлага, сонгуулийн зардлыг төрөөс хариуцах хэлбэрийг судалж, Европын Холбооны улс орнуудын төрийн санхүүжилтийн туршлагыг нэгтгэсэн

/ 2025 он

Сонгуулийн санхүүжилт дэх хувийн эх үүсвэрийн эрх зүйн зохицуулалт, иргэн болон хуулийн этгээдээс улс төрийн нам, нэр дэвшигчид хандив өгөх боломж, хандивын дээд хэмжээ, хориг, хязгаарлалтыг харьцуулсан. Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн 181 улсын мэдээллийн сангаас сонгосон 26 улсын зохицуулалтыг шинжилж, сонгуулийн зардлын ангилал, санхүүгийн тайлагнал, ил тод байдал, хяналт, зөрчилд хүлээлгэх хариуцлагыг судалсан

/ 2025 он

Сонгуулийн сурталчилгааны үеэр нэр дэвшигчдийн мэтгэлцээн зохион байгуулах эрх зүйн шаардлагыг Австрали, Франц, ХБНГУ, Мексик, Их Британи, АНУ, БНСУ-ын жишээгээр судалсан. Мөн БНСУ, Япон, Их Британийн сонгуулийн штабын ажилтнуудын цалин хөлс, урамшуулал, БНСУ, Японы нэр дэвшигчдийн сурталчилгааны нэгдсэн сонин, сэтгүүл гаргах зохицуулалтыг авч үзсэн. Судалгаанд хамрагдсан улсуудын хувьд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг заавал зохион байгуулах хуульчилсан нийтлэг шаардлага тогтоогдоогүйг тэмдэглэсэн

/ 2025 он

Нэг танхимтай парламентын тогтолцоотой Болгар, Ботсвана, Израил, Коста Рика, Латви, Литва, Люксембург, Норвеги, Португал, Финланд, Швед, Эстони, БНСУ, Шинэ Зеланд зэрэг 14 улсын аж үйлдвэржилтийн асуудал хариуцсан байнгын хороодын бүтэц, бүрэлдэхүүн, эрхлэх асуудлыг харьцуулсан. Эдгээр байгууллагын эрх зүйн үндэс, хариуцах салбар, парламентын гишүүдийн тоонд байнгын хорооны гишүүдийн эзлэх хувийг Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны чиг үүрэгтэй харьцуулан шинжилсэн

/ 2025 он

Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байсан 21 хуулийн 53 зүйл, заалтыг судалж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангаж байгаа болон хязгаарласан байж болзошгүй зохицуулалтыг ангилсан. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16.16, 16.17 дахь хэсэг болон Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 2 дугаар зүйлийг шалгуур болгон холбогдох заалтуудад шинжилгээ хийсэн

/ 2025 он

Нэг танхимтай парламентын засаглал бүхий бүгд найрамдах 24 улсын парламентын гишүүдийн сарын үндсэн цалинг тухайн улсын сарын дундаж цалинтай харьцуулсан. Парламентын нэр, гишүүдийн тоо, сарын үндсэн цалингийн ам.доллараар илэрхийлсэн хэмжээ, статистик мэдээллийн хамрагдах оныг нэгтгэж, улс орнуудын парламентын гишүүдийн цалин хөлсний ялгааг харуулсан

/ 2025 он

сонгууль, сонгуулийн санал хураалт, санал хураалтын төрөл, урьдчилан санал өгөх, цахим санал хураалт, шуудангаар санал өгөх, зөөврийн саналын хайрцагт санал өгөх, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж санал өгөх

/ 2025 он

АНУ, БНСУ, ХБНГУ, Японы цахим сэтгүүл зүй дэх хүний эрх, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны эрх зүйн баталгааг харьцуулсан. Үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл түгээх, мэдээлэлд нэвтрэх, эх сурвалжаа хамгаалах эрх, гүтгэлэг, худал мэдээлэл тараахтай холбоотой хариуцлага, мэргэжлийн ёс зүй, баримт нягтлах ажиллагаа, редакцын хараат бус байдал болон сэтгүүлчийн өөрийн цензурээс ангид байх зохицуулалтыг судалсан

/ 2025 он

Парламентын гишүүн дахин сонгогдоогүй, нэр дэвшээгүй болон бусад шалтгаанаар бүрэн эрх нь дуусгавар болоход олгодог тэтгэмж, нөхөн олговор, шилжилтийн санхүүгийн дэмжлэгийн зохицуулалтыг харьцуулсан. Ирланд, Их Британи, Гана, Канадын нэг удаагийн нөхөн олговор, Австрали, Австри, ХБНГУ, Дани, Норвеги, Шведийн хугацаатай тэтгэмжийн туршлага, дэмжлэгийн хэмжээ, хугацаа, шалгуур, нөхцөлийг судалж, Энэтхэг, Сингапурын зохицуулалтын онцлогийг мөн авч үзсэн

Судалгаа