Хайлтын үр дүн

3 илэрц олдлоо.

Гишүүн орнуудын гаалийн импортын тарифын хэмжээ нь ДХБ-ын худалдааны нэн тааламжтай нөхцлийн хүрээнд хянагдаж байдаг боловч гишүүн орнууд өөрийн дотоод зах зээлээ хамгаалах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор гаалийн импортын тарифын болон тарифын бус хориг саадыг илүүд үзэж маш олон төрлийн хориг саадыг ашиглаж ирсэн байдаг. Монгол Улсын гадаад худалдааны бодлогыг шинээр томьёолох, гадаад худалдааны зохицуулалтад шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, импортын гаалийн албан татварын хувь хэмжээний зохистой түвшинг нэмэгдүүлэх боломжийг олох, импортын гаалийн тарифийн бус хориг саадыг ашиглах боломжийг судлах, судалгааны үр дүнгээр төрийн байгууллагад бодлогын зөвлөмж боловсруулахад оршиж байна.

Олон тулгуурт гадаад бодлогын хэрэгжилтийн явцад Монгол Улсын оролцоотой гурван талт харилцаа хөгжиж эхэлсний тод томруун илрэл бол Монгол-Орос-Хятадын харилцаа, хамтын ажиллагаа юм. Энэхүү гурван талт харилцаа, хамтын ажиллагаа хэдийгээр ойрын жилүүдээс эрчимжиж буй ч “Хүйтэн дайн”-аас хойш Монгол Улсаас ОХУ, БНХАУ-тай шинээр тогтоосон хоёр талт найрсаг харилцааны хөгжлийн уялдааны үр дүн болж, хөрш орнуудтай харилцах гадаад бодлогод нэгэн шинэ хуудсыг нээсэн юм. Хөрш орнуудтайгаа бүхэлдээ тэнцвэртэй найрсаг харилцах гэсэн Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл шинэ агуулгаар баяжин өргөжиж эхэлснийг энэхүү гурван талт харилцаа гэрчлэхийн зэрэгцээ Монгол Улсын хөгжилд боломж, сорилтыг ч хамтатгах болсон нь уг сэдвийн хүрээнд системтэй судалгаа хийхийн үндэслэл болж өгөв. Уг үндэслэлд тулгуурлан «“Хүйтэн дайн”-аас хойших Монгол, Орос, Хятадын гурамсан харилцаа» хэмээх суурь судалгааны сэдэвт ажлыг 2017-2019 онд хийж гүйцэтгэв.

Өнөөдөр Ази, Номхон далайн бүс нутагт дэлхийн хүн амын 40% /2,7 тэрбум/, гадаад худалдааны 44% /16,8 их наяд/, бараа бүтээгдэхүүний 55% /35,8 их наяд/ орчим нь ноогддог ба асар өргөн хүрээтэй, олон боломжуудыг бий болгосон хамтын ажиллагаа эрчимжиж байна. Тухайлвал олон талт яриа хэлэлцээр идэвхитэй өрнөж, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /АПЕК/, Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр /АПТА/, АРФ, АСЕАН+8, АСД, АХБ, ШХАБ зэрэг засгийн газар хоорондын, бүс нутгийн ба бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны олон талт механизмууд идэвхитэй үйл ажиллагаа явуулж, бүс нутаг болон салбар бүс нутгийн хүрээнд идэвхитэй ажиллаж байна. Иймд эдгээр бүс нутгийн байгууллагатай хамтын ажиллагаа бүх талаар хөгжүүлэх, чөлөөт худалдааны бүсүүдэд нэгдэх, гадаад худалдааг тэлэх, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх замаар өрсөлдөх чадварыг сайжруулах, бараа тээвэрлэлт, татварын үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцон, өөрийн орны хөгжилд тус нэмэр болох чиглэлээр төрөл бүрийн төсөл, хөнгөлөлт, хөтөлбөрүүдэд хамрагдах боломжуудыг ашиглах замаар байр сууриа бэхжүүлэх, үүрэг ролио нэмэгдүүлэхэд дөхөм болохуйц арга замуудыг олж хэрэгжүүлэх нь тус судалгааны зорилго юм.

Судалгаа