Хайлтын үр дүн
1 илэрц олдлоо.
Хайлтын үр дүн
1 илэрц олдлоо.
Амьтныг судлах, хамгаалах үйл ажиллагаа нь тусламж шаардлагатай байгаа нэн ховор, ховор, элбэг амьтныг тархалт, элбэгшил, түүнд нөлөөлөгч хүчин зүйлийг судлах, эдгээрийн талаар олон нийтэд таниулах, мэдээллэх, тусламж шаардлагатай амьтдыг барих, тээвэрлэх, хамгаалах байранд байршуулах, эмчлэх, сувилан тэнхрүүлэх, байгальд нь буцаан суллан тавих болон уг үйл ажиллагааг санхүүжүүлэх, удирдан зохион байгуулах зэрэг олон янзын үйл ажиллагааг багтаасан, олон талын оролцоонд тулгуурласан цогц ойлголт юм. Монгол улсын Их хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” 24 дүгээр тогтоолоор баталсан үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.7-д “Ховор амьтан, ургамлыг зориудаар өсгөн үржүүлж, ашиглалтын нөөц бий болгоно” гэсэн үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан "Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн зорилтот газар нутгийн говийн бүсэд зэрлэг амьтан хамгаалах, судалгааны төв байгуулах суурь судалгаа болон техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг төлөвлөсөн юм. Энэхүү “Говийн бүсийн нэн ховор, ховор амьтан судлах, хамгаалах төв” байгуулагдсанаар говийн бүсэд ховор тааралдах зэрлэг амьтан буюу хар сүүлт, хавтгай, бөхөн, хулан зэрэг амьтад болон говийн бүсийн уур амьсгалын өөрчлөлт, экосистемийн суурин судалгааг тогтмол хийж болох чухал ач холбогдолтой юм. Иймд төслийн зорилтот нутаг болох Улаан шалын хоолойд “Говийн бүсийн нэн ховор, ховор амьтан судлах, хамгаалах төв” байгуулах төслийн техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа хийх, үндэслэл боловсруулах шаардлага тулгарч байна. Энэхүү тайланд хүний тусламж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай болсон зэрлэг амьтдын амьдрах орчин, тухайн нутгийн нийгэм эдийн засгийн онцлог болон тухайн нэн ховор, ховор амьтдын биологи, экологийн онцлогийг судлах, барих, зөөж тээвэрлэх, анхны тусламж үйлчилгээ үзүүлж, эмчлэх, асран хамгаалах үеийн орон байрны нөхцөл, үзлэг оношилгоо, хооллож тэжээх, сувилан тэнхрүүлэх, амьтантай зүй зохистой харьцах, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах, байгальд нь буцаан тавих талаар тодорхой мэдлэг, ур чадвар, арга барил олгохуйц байдлаар говийн онцлог, нөхцөл байдалтай уялдуулж, олон салбарын эрдэмтэн, судлаачид хамтран боловсруулсан байна. Мөн ажлын нэгээхэн том зорилтын нэг болох “Говийн бүсийн нэн ховор, ховор амьтан судлах, хамгаалах төв” байгуулах төслийн техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа хийх, үндэслэл боловсруулах үүднээс судлах, хамгаалах төвийн сууринг бүтээн байгуулалт, түүнд шаардлагатай бараа материал, ажиллах хүч, тээвэр, дэд бүтэц, үйл ажиллагааны зардал зэрэг зарлагууд болон энэхүү төвөөс орох боломжтой орлогын хэмжээг тооцоолж гаргалаа.