Хайлтын үр дүн

3 илэрц олдлоо.

Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооны ажлын алба, түүний дэргэдэх эрдэмтэн судлаачдын бүлгээс хамтран эрхлэн гаргадаг “Жендэр судлал” эрдэм шинжилгээний сэтгүүлийн 4 дэх дугаарыг та бүхэндээ хүргэж байна. Бид “Жендэр судлал” сэтгүүлээр дамжуулан жендэрийн асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, олон ургалч байдлаар өргөн хүрээнд хөндсөн, судалгаанд суурилсан өгүүлэл, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг уншигч олонд хүргэхийг зорин ажилладаг. Түүнчлэн эрдэм шинжилгээний энэхүү сэтгүүлийг тогтмол эрхлэн гаргаснаар олон нийтэд жендэрийн боловсролыг олгож, жендэрийн талаарх сөрөг ойлголт, хандлагыг өөрчлөх, энэ чиглэлээр суралцаж, ажиллаж байгаа хүмүүст шинэ мэдлэг, мэдээллийг өгч, цаашид дээд боловсролын салбарт жендэр судлалыг хөгжүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг онол, арга зүйгээр дэмжихэд чухал ач холбогдолтой юм. Энэ удаагийн дугаарт жендэрийн онол арга зүйн асуудал, жендэр ба нийгэм, соёл, жендэр ба улс төр, жендэрт суурилсан хүчирхийлэл зэрэг асуудлыг хөндсөн судалгаа шинжилгээний бүтээлүүдийг хүргэж байна. Сэтгүүлийг бэлтгэн хамтран ажиллаж буй эрдэмтэн судлаачдын бүлгийн гишүүд, судлаач, багш нартаа талархал илэрхийлж, цаашдын эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН дэргэдэх ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА, ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫН БҮЛЭГ

Даян дэлхийн улс орнууд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблейн чуулганаар “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийг батлахдаа “Жендэрийн тэгш байдлыг хангах” зорилгыг дэвшүүлж хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхээр үүрэг хүлээсэн билээ. Монгол Улс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдлаараа дэлхийд 12-т ордог (Дэлхийн банк 2020). Энэ зөрүү 1994 онд 4.6 жил байсан бол 2022 онд 9.4 жил болж нэмэгдсэн ба дундаж наслалтын хүйсийн зөрүү урт хугацаандаа нэмэгдсээр байна1 . Эрэгтэйчүүдийн чанартай урт наслалтыг дэмжих, гэр бүл бүр элэг бүтэн эрүүл, жаргалтай амьдрах алсын харааны хүрээнд 2020 онд “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г анх удаа боловсруулан 2 жилийн хугацаанд хэрэгжүүлсний мөрөөр олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлж улмаар төрийн бодлогын түвшинд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатайг төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн үнэлгээ харуулсан болно. Энэхүү төлөвлөгөөг 4 жилийн хугацаанд хэрэгжүүлснээр эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгахад ахиц гаргах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хандлага, дадлыг хэвшүүлэх, эрэгтэйчүүдийн гэнэтийн, зуурдын шалтгаант нас баралтыг бууруулах болон төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэж буй төрийн бус байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна.

Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого нь эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрх, тэгш боломж, тэгш хандлагын баталгааг хангах нөхцөлийг бүрдүүлэх, жендэрийн ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, түүнийг арилгахад чиглэж байна.

Судалгаа