Хайлтын үр дүн

3 илэрц олдлоо.

/ 2018 он

Агаар мандалд явагдах процессыг цаг хугацаа, орон зайн хэмжээс хамааруулж бичил (micro), бэсрэг (meso), том (синоптик) гэж хувааж, харгалзан бичил хэмжээст цаг уур (microscale meteorology), бэсрэг хэмжээст цаг уур (mesoscale meteorology), синоптик хэмжээст цаг уур (synoptic meteorology) гэж ангилдаг. Бичил хэмжээст агаар мандлын үзэгдэлд аянга цахилгаан, үүл, байшин ба бусад хориглох хаалтаас үүсэх турбулент хөдөлгөөн зэрэг 1км-ээс бага хэмжээст физик процесс орно. Харин бэсрэг хэмжээст хэвтээ чиглэлд 1-100км, босоо чиглэлд газрын гадаргаас эхлэн агаар мандлын хязгаарын үе давхарга, шим мандал, давхраат мандлын доод давхарга үе хүртэлх орон зайд явагдах, 17 хоног хүртэл үргэлжлэх фронт, циклон, өндөршлөөс хамаарах уулын долгион, эх газар-далайн салхи гэх мэт үзэгдэл ордог. Синоптикийн хэмжээст үзэгдэлд 2000 км хүртэл, 28 хоног хүртэл үргэлжлэх дундад өргөрөгийн циклон, бароклиник хотос, гүвээ, фронтын бүс, ойлгойдох буюу судал урсгал зэрэг ордог. Практикт ихэнхдээ бичил болон бэсрэг хэмжээст цаг уурыг хамтатган авч үздэг. Бэсрэг хэмжээст агаар мандлын процессыг бэсрэг альфа (200-2000км), вета (20-200км), гамма (1-20км) хэмжээст гэж хуваан үздэг (Хүснэгт 1). Синоптикийн хэмжээст агаарын хөдөлгөөнд Кориолис болон даралтын градиентын хүчний баланс хадгалагдаж геострофи тэнцвэр биелдэг бол бэсрэг хэмжээс, ялангуяа вета, гамма хэмжээст үзэгдэл, процесст геострофи, гидростатик ойролцоолол биелэгдэхээ больдог. Энэ үед гидростатик биш ойролцоолол чухал үүрэг гүйцэтгэдэг. Синоптикийн хэмжээст процесст агаарын босоо хөдөлгөөн, хэвтээгээс харьцангуй олон дахин бага байдаг боловч, бэсрэг хэмжээст босоо хөдөлгөөн хэвтээгээс их болох буюу өргөлтийн хүч, уулзүйн нөлөөгөөр үүсэх босоо хурдыг тооцох шаардлага гардаг. Агаар мандлын процесст гидростатик биш нөлөө үзүүлдэг үзэгдэлд газрын гадарга, агаар мандлын дулаан, чийгийн урсгал, турбулент, конвекци, ууршилт, конденсаци гэх мэт орно. Иймд цаг агаар, агаар мандлын загварт орон зайн нарийвчлал буюу гридын цэгийн хоорондын зай 910км-ээс бага болох үед гидростатик биш ойролцоолол хийж, үзэгдэл, процессыг тооцох учиртай. Ингэхдээ бэсрэг хэмжээст загварууд анхны болон захын нөхцлөө орон зайн нарийвчлал харьцангуй бага дэлхийн хэмжээний загвараас авч ажилдаг юм.

/ 2015 он

Энэ чиглэлийн судалгааг олон судлаачид хийжээ. Нацагдорж Л. (2004, 2005, 2008) Монгол орны ган, цөлжилтийн судалгаатай холбоотойгоор хур тунадас, ууршил, хөрсний чийгийн тархац, хандлагын талаар цөөнгүй өгүүлэл, нийтлэлийг хэвлүүлжээ. Эдгээр судалгаанд цаг уурын ажиглалтын сүүлийн 20-30 жилийн мэдээгээр Монгол орны чийгийн хангамжид хэрхэн өөрчлөлт орсныг дүгнэж, уур амьсгалын ирээдүйн хандлагаас хамаарч цөлжилт, гангийн давтагдал хэрхэн өөрчлөгдөх талаар таамаг дэвшүүлсэн. Гомболүүдэв (2006) бүс нутгийн уур амьсгалын загвар ашиглан Монгол орны уур амьсгалын ирээдүйн хандлагад үзүүлэх газар бүрхэвчийн өөрчлөлтийн нөлөөг тооцжээ. Энэ судалгаагаар газрын дориотол, цөлжилтийн нөлөөгөөр хур тунадас, ууршлын хэмжээ багасах хандлагатай байна гэж дүгнэжээ. Батболд (2012) мөн бүс нутгийн уур амьсгалын загварын ногоон ургамлын бүрхэцийг хиймэл дагуулын мэдээгээр орлуулан Монгол оронд 2002 оны зуны хугацааны хүчтэй гангийн судалгаанд ашиглажээ. Энэ судалгаагаар ногоон ургамлын бүрхэц нь цацрагийн болон чийгийн балансад мэдэгдэхүйц нөлөөтэй ба ууршилд зарцуулагдах дулааны хэмжээ багасч, хөрсний гадаргын температурыг илэрхийлэх ил дулааны хэмжээ нэмэгдсэн гэсэн үр дүнг гарчээ. Түүнчлэн агаар мандлын болон газрын гадарга орчмын чийгийн балансад илэрхий өөрчлөлтүүд гарсан байна. Батболд (2011) бүс нутгийн уур амьсгалын загвараар 2000-2012 оны хур тунадасны тархацыг тогтоожээ. Энэ судалгааны үр дүнгээр Монгол орны зуны улирлын хур тунадас нь мөн тус хугацааны нийлбэр ууршилтай ойролцоо байв.

/ 2020 он

Энэхүү ШУТС-аас санхүүжих, БОАЖЯ-ны захиалгат төслийн ажлын хүрээнд сансрын Ландсат хиймэл дагуулын 2000, 2010, 2013-2018 оны жил бүрийн мэдээ, М1:100000 топозургийн тус тус мэдээгээр усны талбайг тодорхойлов. Энэ судалгаанд хамрагдсан байгалийн бүс, бүслүүр, нуурын гарал үүслийг төлөөлөхүйц их, том, томоохон, жижиг 93 нуурын усны түвшний GPSийн хэмжилт, гүн, талбайн хэмжилтийг хийхээр төлөвлөсөн болно. Эдгээр хэмжилт, судалгаанд үндэслэн нууруудын усны нөөцийн 2013-2018 оны жил бүрийн хэмжээг тогтоож, байнгын хяналт шинжилгээг бүрдүүлэх аргачлалыг боловсруулахад судалгааны зорилго оршино. Нууруудын эдгээр шинэ мэдээг усны горимын ажиглалтын үр дүнтэй хослуулан тэдгээрийн динамикийг тогтоох, уур амьсгалын өөрчлөлт, усны тэнцлийн элементүүдийн орон зай, цаг хугацааны өндөр нягтралтай мэдээллийг бүрдүүлж, усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, дасан зохицох шинэ үр дүнг гаргасан нь энэхүү төслийн шинэлэг үр дүн болно.

Судалгаа