КОВИД-19 ВАКЦИНЖУУЛАЛТ БОЛОН ХАЛДВАРЫН ДАРААХ SARS-CoV-2 ВИРУСИЙГ СААРМAГЖУУЛАХ ИДЭВХИЙН СУДАЛГАА

Судалгааны тайлбар: КОВИД-19 халдварт өвчний анхны тохиолдол БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод 2019 оны 12 дугаар сарын сүүлээр бүртгэгдэж, маш хурдацтайгаар дэлхий нийтийг хамран тархсан бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 11-нд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас тухайн халдварыг “цар тахал” хэмээн зарласан. Энэхүү өвчнийг үүсгэгч нь халдварт өвчин үүсгэгч нэгэн төрлийн коронавирус болохыг тогтоож, хүн төрөлхтөнд халдвар үүсгэсэн 7 дахь коронавирус буюу SARS-CoV-2 вирус гэж бүртгэсэн. SARS-CoV-2 вирус нь Coronaviridae бүл, Coronavirinae дэд бүл, Бетакоронавирус (betaCoV)-ийн төрөлд багтдаг 29 мянган нуклеотидын урттай, эерэг мэдрэмжтэй дан утаслаг РНХ (+ssRNA) агуулсан геном бүхий 100-160 нм радиустай бөмбөлөг хэлбэрийн вирус юм. SARS-CoV-2 вирус нь бөмбөлөг хэлбэрийн гадаргуу дээрх сэртэнт бүтэцтэй титэм буюу S уургаараа эсийн гадаргуу дахь ангиотензин хувиргагч энзим 2 (Angiotensin-converting enzyme 2, ACE2) рецептортой холбогдон хүний биед халдварладаг байна. SARS-CoV-2 вирус нь бусад коронавирусүүдээс илүү хурдан халдварлуулан тархах чадвартай бөгөөд хурдан хугацаанд мутацит өөрчлөлтөнд орж, олон мутаци бүхий шинэ хувилбаруудыг үүсгэн тархаж байна. Дэлхийн хэмжээнд 2023 оны 9 дүгээр сарын 14-ний байдлаар 770,563,467 тохиолдол бүртгэгдэж, 6,957,216 сая хүн нас барсан байна. Монгол улсад 2020 оны 11 сард дотооддоо халдвар авсан анхны тохиолдол илэрснээс хойш тасралтгүйгээр тархсаар 2023 оны 6 дугаар сарын 5-ны байдлаар нэг сая гаруй тохиолдол батлагдаж, 2000 гаруй нас баралт бүртгэгдээд байна. Дэлхийн улс орнууд энэхүү өвчний талаарх судалгаа шинжилгээний ажлыг эрчимтэй өрнүүлж, цар тахалтай хэрхэн тэмцэх талаар олон талт арга хэмжээ боловсруулан ажиллаж байгаа бөгөөд халдвараас урьдчилан сэргийлэх, өвчний хүндрэл, нас баралтыг бууруулах гол арга нь бусад халдварт өвчний адил вакцинжуулалт болохыг тодорхойлж, КОВИД-19 халдварын эсрэг вакцинуудыг титэм уургийн мэдээллийн рибонуклейн хүчил (мРНХ)-ийг ашиглах, вирусийг идэвхгүйжүүлэх, аденовирусийн векторт угсрах зэрэг технологиудаар маш хурдан хугацаанд амжилттай боловсруулж, уг халдварыг үүсгэгч вирус (SARS-CoV-2)-ийг тодорхойлсноос хойш нэг жилийн дотор хэд хэдэн вакцин үйлдвэрлэгчид зах зээлд нийлүүлэх зөвшөөрөл авсан. Дэлхий нийтээр эдгээр вакцинуудыг ашиглан вакцинжуулалтын хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа боловч SARS-CoV-2 вирус нь анхаарал татахуйц төрлийн хувилбар (variant of concern, VOC) үүсгэн тархаж, зарим төрлийн хувилбар нь вирусийн халдварлах чадварыг нэмэгдүүлж, вакцинжуулалт болон халдварын дараах эсрэгбиеийн саармагжуулах урвалын идэвхийг сулруулдаг болохыг зарим судалгаанд дурдаад байна [10-12]. Тухайлбал, Альфа хувилбар анх Англи улсад, Дельта хувилбар Энэтхэг улсад бүртгэгдсэнээс хойш дэлхийн ихэнх улс орнуудад маш хурдацтай тархсан ба халдварын тархалт, өвчний эмнэлзүйн хүндрэлийг нэмэгдүүлж, monoclonal /нэг удмын/ эсрэгбиеийн эмчилгээ болон вакцины дараах эсрэгбиеийн саармагжуулалтын нөлөөг багасгаж байгааг судалгаагаар тогтоогоод байна. Монгол улс 2021 оны 2 дугаар сарын 23-ний өдөр КОВИД-19 халдварын эсрэг вакцинжуулалтыг эхлүүлсэн бөгөөд Вероцелл (BBIBP), АстраЗенека (ChAdOx1n-CoV-19), Спутник V (Gam-COVID-Vac), Пфайзер (BNT162b2) гэсэн 4 төрлийн вакциныг хэрэглэсэн. 2023 оны 3 дугаар сарын байдлаар нийт хүн амын 89.6% буюу 2,284,136 хүн вакцины I тун, 85.7% буюу 2,185,597 хүн вакцины II тунд хамрагдсан байна. Иймээс Монгол улсын хүн амд КОВИД-19 өвчний хүндрэлийг тооцох бодит цаг хугацааны мэдээллийг хуримтлуулах, КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалт болон халдварын дараах дархлааны хамгаалах идэвхийг дэлхий нийтэд “Алтан стандарт” болгон ашиглаж буй эсрэгбиеийн саармагжуулах урвалаар тодорхойлж, уг шинжилгээний аргыг нутагшуулан хэрэглээ болгох бодит шаардлага тулгараад байна.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
18
Татсан тоо
6
Файлын хэмжээ
42.78 MB
Оруулсан огноо
2024.12.04
Судалгаа хийгдсэн он
2024 он
Судалгааны салбар
Эрүүл мэндийн биотехнологи
Санхүүжилтийн хэмжээ
512,030,000.00₮
Санхүүжилтийн эх үүсвэр
Улсын болон орон нутгийн төсөв
Гүйцэтгэгч байгууллага
ХӨСҮТ
Захиалагч байгууллага
Эрүүл мэндийн яам
Эрүүл мэндийн яам bioethics@moh.gov.mn 51-264269 Эрүүл мэндийн яам
Судалгааны баг
Төслийн удирдагч: Ганболдын Цогзолмаа, ХӨСҮТ-ийн эрдэм шинжилгээ, сургалтын албаны эрдэм шинжилгээ, төсөл хариуцсан мэргэжилтэн, био-анагаах судлаач, АУ-ны доктор (Ph.D)
Төслийн зөвлөх: 
П.Нямдаваа, Анагаахын шинжлэх ухааны доктор, Академич, МАУ-ы академи
Б.Дармаа, АУ-ы доктор, дэд профессор, ХӨСҮТ, Вирус судлалын лабораторийн зөвлөх, 
Төслийн багийн гишүүд:
Б.Пүрэвбат, ХУ-ы магистр, ХӨСҮТ, судалгааны багийн гишүүн 
Ц.Билэгтсайхан, АУ-ы доктор, дэд профессор, ХӨСҮТ, Ерөнхий захирал (2020-2023) 
Б.Наранцэцэг, ХӨСҮТ, Клиник химийн лабораторийн техникч 
Ц.Даариймаа, ХӨСҮТ, ХӨТСА-ны сувилагч 
Ц.Наранзул, АУ-ы доктор, ХӨСҮТ, Вирус судлалын лабораторийн эрхлэгч 
Н.Баясгалан, АУ-ы магистр, ХӨСҮТ, Вирус судлалын лабораторийн эмч 
С.Анхбаяр, АУ-ы бакалавр, ХӨСҮТ, Вирус судлалын лабораторийн судлаач 
Ч.Хишигмөнх, АУ-ы магистр, ХӨСҮТ, Вирус судлалын лабораторийн судлаач 
Б.Цэрэндулам, ХӨСҮТ, Вирус судлалын лабораторийн техникч 
Г.Сарангуа, АУ-ы магистр, ХӨСҮТ, Хепатит Энтеровирусийн лабораторийн тасгийн эрхлэгч
Э.Алтансүх, АУ-ы магистр, ХӨСҮТ, Хепатит Энтеровирусийн лабораторийн био-анагаах судлаач
Э.Пүрэвжаргал, ХӨСҮТ, Хепатит Энтеровирусийн лабораторийн эмгэг судлаач эмч
Ж.Байгалмаа, АУ-ы магистр, ХӨСҮТ, Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирал
Д.Баярсайхан, БС-ы доктор, ХӨСҮТ, Гадаад харилцаа, стратеги төлөвлөлт эрхэлсэн дэд захирал 
Ц.Чинбаяр, АУ-ы магистр, ХӨСҮТ, Клиник эрхэлсэн дэд захирал 
Л.Баттөр, АУ-ы доктор, дэд профессор
Ж.Баярсайхан, АУ-ы магистр, ХӨСҮТ, Хүний нөөцийн албаны дарга 
Э.Оюунчимэг, АУ-ы доктор, ХӨСҮТ, Эрдэм шинжилгээ, судалгааны албаны дарга 
Б.Бумдэлгэр, АУ-ы доктор, ХӨСҮТ, Нэгдсэн лабораторийн албаны дарга

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа