175
Палеарктик ба Неарктикийн хөрсний микроартроподын биологийн олон янз байдал, биогеографи, онтогенез ба филогенез
Судалгааны тайлбар: Газарзүйн байрлал, экологийн нөхцлийн хувьд ялгаатай боловч гарал үүслийн хувьд Палеарктик ба Неарктикийн бүс нутгийн хөрсний микроартропод бүлгийн амьтад нэг нэгэнтэйгээ ихээхэн холбоотой учир тэдгээрийн ангилал зүй, экологи, биогеографийн судалгааг хийх нь фауногенезийн асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой. Гэвч дээрх биогеографийн бүс нутгуудын микроартроподын судалгаа бүрэн бус хийгдсэн ба ялангуяа зарим овог, төрлийн төлөөлөгчид огт судлагдаагүй үлдсэн байна. Иймд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээр ашиглалт, үйлдвэрлэл зэрэг хүний үйл ажиллагааны улмаас байгальд үзүүлэх нөлөө эрс нэмэгдэх болсон сүүлийн жилүүдэд эдгээр бүс нутгийн хөрсний амьтдын биологийн олон янз байдлын бүрэлдэхүүн, ангилал зүй, олон янз байдлын талаар суурь мэдээлэл бүрдүүлэх, тэдгээрийн цаашдын хувьсал өөрчлөлтийн чиг хандлагыг тодорхойлох, түүнд үндэслэн биологийн төрөл зүйлийг хамгаалах менежментийн үндэслэлийг боловсруулах ажлын онолын үндэс болсон ангилал зүй, экологи, биогеографийн судалгааг хийх зайлшгүй шаардлагатай юм. Түүнчлэн амьдралын эргэлт ба үржил хөгжлийн үе шатууд нь тодорхой судлагдаагүй маш олон төрөл зүйл бий бөгөөд тэдгээрийг хөгжлийн биологийн чиглэлээр гүнзгийрүүлэн судлах шаардлагатай. Энэхүү судалгаагаар дараахь зорилтуудыг дэвшүүлж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Yүнд: Палеарктик, Неарктикийн бүс нутгийн хөрсний микроартроподын ангилал зүйн судалгааг хийж, шинэ төрөл зүйлийг илрүүлэх; Ялгаатай бүс нутаг, экосистем, амьдрах орчны хөрсний микроартроподын бүлгэмдэл, олон янз байдлыг тодорхойлох; Байршил болон экологийн шинжээрээ ялгаатай бүс нутгуудын хөрсний микроартроподын зарим бүлгийн биогеографийн бүрдэлд анализ хийж, харилцан холбоог илрүүлэх; Амьдралын эргэлт, үржил хөгжлийн үе шатууд нь тодорхойгүй төрөл зүйлүүдийн онтогенез, филогенезийн судалгааг хийх.
Энэхүү судалгааны эцэст Палеарктик, Неарктикийн бүс нутгийн хөрсний микроартроподын ангилал зүй, бүлгэмдэл болон олон янз байдал, биогеографи, онтогенез, филогенез зэрэг судалгааны чиглэлээр үр дүн гаргаж, тэдгээрийг нэгтгэн олон улсын импакт фактор бүхий мэргэжлийн сэтгүүлд 3-aaс доошгүй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлнэ. Түүнчлэн энэхүү судалгаанд хэд хэдэн залуу судлаачид, ахисан түвшний болон бакалаврын түвшний оюутнууд оролцон ажиллаж өөрсдийн судалгааны ажлын анхдагч материалыг цуглуулах, улмаар хээрийн болон лабораторийн судалганы арга зүйд суралцаж дадлагажих боломж бүрдэнэ.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 338
- Татсан тоо
- 235
- Файлын хэмжээ
- 456.15 KB
- Оруулсан огноо
- 2023.05.09
- Судалгаа хийгдсэн он
- 2019 он
- Судалгааны салбар
- Биологийн шинжлэх ухаан
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
- Гүйцэтгэгч байгууллага
- МУИС
- Захиалагч байгууллага