Монголын нийгэмд зохих шийдлээ хүлээж буй тулгамдаж буй олон асуудлын нэг нь албан бус хөдөлмөр эрхлэлт юм. Монгол Улсын албан бус хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлыг тодорхойлох зорилгоор хийсэн судалгааны тайлан хэвлэгдлээ. Судалгаагаар албан бус хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн нөхцөл, албан бусаар ажиллах болсон шалтгаан, албан эдийн засагт шилжих боломж, Ковид-19 цар тахлын албан бус хөдөлмөр эрхлэлтэд үзүүлж буй нөлөөг тодорхойллоо. Мөн тус судалгаагаар цар тахлын үед төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрүүд албан бус хөдөлмөр эрхлэгчдэд хэр хүртээмжтэй байгааг тодруулсан юм.
Уг судалгааг Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “Эдийн засгийг төрөлжүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангах хүрээнд албан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон түүний харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт хийж гүйцэтгэсэн.