КОВИД-19 цар тахал нь эрүүл мэнд, нийгэм, эдийн засаг болон хүмүүнлэгийн хямралыг улам бүр нэмэгдүүлж
байна. Энэ байдал нь жендэрийн эрх тэгш байдлыг хангахад олон сөрөг үр дагаврыг дагуулах төдийгүй өмнө нь
байсан тэгш бус байдлыг цаашид гүнзгийрүүлж болзошгүй байна. Коронавирусын хурдацтай тархалтын улмаас
олон улс орон иргэдийнхээ зорчих хөдөлгөөнд бүтэн болон хэсэгчилсэн байдлаар хязгаарлалт хийхэд хүрсэн.
2020 оны 1-р сараас эхлэн Монгол Улсын Засгийн газар улс орон даяар хөл хорио тогтоох, тусгаарлах, сургууль,
цэцэрлэг болон олон нийтийн газруудын үйл ажиллагааг хаах зэргээр халдварын эрсдэлээс иргэдийн эрүүл
мэндийг хамгаалах, эдийн засаг, нийгмийн тогтолцоог аль болох эрсдэлд оруулахгүй байхад анхааран ажиллаж
байна.
Хүн төрөлхтөнд нүүрлэсэн энэхүү хямралын үед хүний амь нас эрсдэх, иргэдийн аж амьдрал сүйдэхээс сэргийлж
хамтарсан, цогц хариу арга хэмжээ авах нь нэн чухал байна. КОВИД-19 цар тахлын охид, эмэгтэйчүүдэд үзүүлж
буй нөлөөг илрүүлэх, тэдний онцлог хэрэгцээг харгалзсан шаардлагатай арга хэмжээ, үйлчилгээний талаарх
мэдээллээр Монгол Улсын Засгийн газрыг хангаснаар цар тахлын нөлөөг бууруулах, охид, эмэгтэйчүүдийн
хямралыг даван туулах чадварыг нэмэгдүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг сайжруулахад хувь нэмэр оруулах
зорилгоор Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) Азийн Хөгжлийн Банк (АХБ) болон
Жендэрийн Үндэсний Хороо (ЖҮХ)-той хамтын ажиллагааны хүрээнд энэхүү судалгааг дэмжин ажиллав.
Судалгааны үр дүнгээс харахад КОВИД-19 цар тахал нь эдийн засаг, боловсролын тэгш бус байдал, хүний эрх болон
хот, хөдөөгийн иргэдийн амьжиргааны тэгш бус байдлыг улам бүр нэмэгдүүлсэн байна. Судалгаа нь хямралын
үеийн олон талт үр дагавар болон түүнийг даван туулж байгаа стратегид дүн шинжилгээ хийж, ялангуяа цар
тахлаас үүдэлтэй нийгэм-эдийн засгийн нөлөө, гэрийн ажил, асаргаанд зарцуулах хөлсгүй хөдөлмөрийн тэгш бус
хуваарилалт, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудалд анхаарсан. Түүнчлэн 2020 оны 11-р сарын 20-ноос
2021 оны 2-р сарын 22-ны хооронд үйлчилсэн хатуу хөл хорионы үеийн бодит байдал, төрөөс зайлшгүй үзүүлэх
ёстой нийгмийн үйлчилгээний хүртээмжийн талаарх цаашид анхаарах шаардлагатай нэн чухал асуудлуудыг
тусгасан болно.