Хайлтын үр дүн

214 илэрц олдлоо.

Манай орны үйлдвэрлэлд голлох байр суурийг уул уурхайн салбар эзэлдэг. Уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” vйлдвэр нь зэс, молибдений хvдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог vйлдвэр юм. Хэдийгээр уул уурхайн салбар улс орны хөгжилд дорвитой хувь нэмэр оруулдаг ч байгаль орчинд сєрєг нөлөө үзүүлэгч нэг гол хүчин зүйл болдог. Орчны бохирдлын төлөв байдлыг хянах гол үзүүлэлтүүдэд хөрс агаар, усны хяналт шинжилгээ зүй ёсоор орно. Монгол улсад урт удаан хугацаанд ажиллаж орчны хүчин зүйлс тодорхой хэмжээгээр тогтмол өөрчлөлт оруулдаг үйлдвэрлэл, уул уурхайн бүсийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг улирлын туршид мониторинг хийж эдгээр уул уурхайн хаалтын ажилд бэлтгэх нь ногоон эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулна. Манай судалгааны баг 2013 онд Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн ойр орчмын өнгөн хөрсний бохирдлыг үнэлэх судалгаа хийсэн ба судалгааны үр дүнд үйлдвэрийн бүс орчмын өнгөн хөрсөн дэх Cu, As-ийн агуулга 1443-4866, 12-52 мг/кг тус тус байгааг тогтоосон. Энэ бүсийн хөрсний бохирдлыг бууруулах тал дээрх судалгаа харьцангуй бага хийгдсэн байна. Иймд бид Эрдэнэтийн УБҮ-ийн жишээн дээр уул уурхайн үйлдвэрийн бүсийн хөрсний мониторингийн судалгаа хийн бохирдлыг тогтоох, бохирдлыг бууруулах аргуудыг туршин хамгийн тохиромжтой электрокинетикийн аргын аргачлал боловсруулах зорилго тавин ажиллана. Электрокинетикийн арга нь органик бус, органик аль аль бохирдлыг бууруулах, хөрсийг нөхөн сэргээх чадвартай, усархаг буюу шаварлаг орчинд хөрсийг цахилгаан орны үйлчлэлээр идэвхижүүлэн бохирдлыг арилгах, бууруулах шинж чанар дээр үндэслэгдэн явагддаг. Энэхүү судалгааны зорилго нь уул уурхайн орчмын хөрсний хүнд металын бохирдлыг электрокинетикийн аргаар бууруулах аргыг ашиглан хөрсийг эрүүлжүүлэх тохиромжтой нөхцлийг гаргаж авахад оршино.

Бизнест өргөн хэрэглээтэй оновчлолын зарим бодлогуудыг D.C. програмчлалын аргаар шийдэх арга, алгоритмыг боловсруулна. Үүний үр дүнд Монголын эдийн засагт ихээхэн ач холбогдол бүхий уул уурхайн компаниудын эргэлтийн хөрөнгийн бүтцийг оновчлох, банкны актив пассивын бүтцийг оновчлох, баяжмалын металл авалтыг дээшлүүлэх, татварын системд оновчлолын аргаар шинэчлэл хийх зэрэг бодлогууд шийдэгдэж эдгээр салбарын эдийн засгийн үр өгөөж, ашигт ажиллагааг дээшлүүлэх ач холбогдолтой болно.

Өвлийн турш бэлчээрт хагд болон борог өвсөөр тэжээл хийж, өвөл, хаврын хатуу хахир цаг хугацааг даван туулахдаа амьдын жингийн 15-25%-ийг алдан, ядарч туйлдсан хонь, ямаа нь хавар эрт урган гарах яргуйны цэцгийг амтархан идэж, амархан тэнхэрч, тарга хүч авдгийг манай малчид эрт дээр үеэс мэддэг байжээ1. Яргуйнд сайн цадсан малын элэг цайж, тэвээрдэг аж. Өвлийн хонь, ямааны элэг хүрэн өнгөтэй, агшуун, хатуувтар, амт муутай, аргуун байдаг бол яргуйд цадсаны дараа элэг нь цайвар өнгөтэй, уян хатан байдалтай болж зөөлөрсөн, хөөнгө том, амт сайтай болно. Үүнийг “элэг цайна” гэдэг болно. Хонь, ямаа яргуйнд орсноос хойш цөөхөн хоногийн дотор цадаж эхэлдэг бөгөөд сүү шим сайн орж, хурга, ишигний өнгө засарч эхэлнэ2. Монголчуудын дунд хаврын ядаргаанд яргуй идсэн ямааны цус сайн гэх ойлголт өргөн байдаг тул яргуй идсэн ямаа гаргаж, шинэ шөл уух явдал түгээмэл байна. Яргуйны цэцэгний малын эрхтэнд үзүүлэх физиологи-биохимийн нөлөөллийн судалгаа үндсэндээ хийгдээгүй байна. Иймд бид энэ удаа яргуйны цэцгэнд ямар нэгдлүүд агуулагдаж байгааг тогтоож, тэдгээрийн хачигаар дамжин халдварладаг бабеоз өвчин үүсгэгчийн эсрэг идэвхийг тодорхойлох, цэцгэнд агуулагдах ямар нэгдлүүд нь ямааны цусанд шимэгдэн орж ирж байгаа, тэдгээр нь ямар үйлдэл үзүүлдэг болох, мөн яргуй идэх явц дахь ямааны элгэнд явагдах бүтэц зүйн өөрчлөлтийг гистологийн судалгаар тогтоох зорилго тавьсан болно.

Our research project will be focused on the study to find candidate materials with the applications of spintronics and topological insulators within the advanced energy related magnetic materials, and their magnetic property, magnetic anisotropy and magnetostriction. The project consists of three parts and we will be published one article as first and corresponding author or two articles as co - author.

Спин нь системийн цэвэр квант шинж чанарыг илэрхийлэх хэмжигдэхүүн юм. Тиймээс спин нь онолын болон туршлагын физикийн маш сонирхолтой судлагдахуун юм. Өнгөрсөн зууны сүүлээр 1/2 спиний шахагдалтын судалгаа эрчимтэй хийгдсэн бөгөөд спиний шахагдалтыг судласан ихэнх туршилтууд 1/2 спиний хувьд хийгдсэн байна. Сүүлийн жилүүдэд 1 спин буюу SU(3) тэгш хэмийн бүлэгт харгалзах квант системийн шахагдалт олны анхаарлыг татаж улмаар онолын болон туршилтын ажлууд эрчимтэй хийгдэж байна. SU(2) Ли бүлэгтэй харьцуулахад SU(3) Ли бүлэг нь олон генератортой, гурван түвшинт квант системийн тэгш хэмд харгалздаг учир түүний физик шинж чанар нь SU(2) -ийнхоос эрс ялгаатай байдаг. Спиний шахагдалтын нэг чухал хэрэглээ нь спин системийн эргэлтийн өнцгийг хэмжих өндөр нарийвчлалтай арга юм. Үүнээс гадна бусад хэрэглээг тоочвол: спектроскопи болон интерферометрийн хэмжилт (таталцлын долгионы хэмжилт), атомын цаг түүнчлэн квант мэдээлэл боловсруулах зэрэг болно. Бидний энэ төслийн зорилго нь 1 спиний шахагдалтыг судлах явдал болно. Энэ зорилгын хүрээнд 1) спиний болон соронзон системүүдэд SU(3) Ли бүлэгийг хэрэглэх 2) SU(3) бүлгийн SU(2) дэд бүлгийг судлах 3) SU(3) тэгш хэмтэй гурван түвшинт квант системийн шахагдалтын параметрийг тооцоолох 4) нематик болон нематик бус төлвийн шахагдалтыг судлах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Сүүлийн жилүүдэд функцэн огторгуйн судалгаа маш эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд ялангуяа тухайн функцэн огторгуйд сонгодог интеграл операторуудын зааглалыг судлах чиглэлээр дорвитой үр дүнгүүд гарч байна. Бид P2016-27, P2016-1220 төслүүдэд жинтэй Лебегийн огторгуйд болон жинтэй Моррийн огторгуйд Гильберт ба Хардийн операторын зааглалыг судалж тодорхой үр дүнд хүрсэн. Жишээ нь: жинтэй Моррийн огторгуйд Гильбертийн операторын нормыг бодож гаргаснаас гадна Хардийн оператор зааглагдах гарцаагүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөлийг олж, нормыг олж тогтоосон. Ер нь жинтэй Моррийн огторгуйд ямар нэг операторын нормыг олж тогтоох нь маш хүнд асуудал юм. Энэхүү төсөл нь P2016-27, P2016-1220 төслүүдийн үргэлжлэл судалгаа бөгөөд функцэн огторгуй дахь сонгодог интеграл операторуудын зааглалыг судлах чиглэлээр судалгаа явуулах зорилготой. Энэ онолыг ахиулахын зэрэгцээ математикийн мэргэжлийн их дээд сургуулиудын багш, судлаач нарт онолын судалгааны суурь болох ач холбогдолтой

Газарзүйн байрлал, экологийн нөхцлийн хувьд ялгаатай боловч гарал үүслийн хувьд Палеарктик ба Ориенталь бүс нутгийн хөрсний микроартропод бүлгийн амьтад нэг нэгэнтэйгээ ихээхэн холбоотой учир тэдгээрийн ангилал зүй, экологи, биогеографийн судалгааг хийх нь фауногенезийн асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой. Гэвч дээрх биогеографийн бүс нутгуудын микроартроподын судалгаа бүрэн бус хийгдсэн ба ялангуяа зарим овог, төрлийн төлөөлөгчид огт судлагдаагүй үлдсэн байна. Иймд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээр ашиглалт, үйлдвэрлэл зэрэг хүний үйл ажиллагааны улмаас байгальд үзүүлэх нөлөө эрс нэмэгдэх болсон сүүлийн жилүүдэд эдгээр бүс нутгийн хөрсний амьтдын биологийн олон янз байдлын бүрэлдэхүүн, ангилал зүй, олон янз байдлын талаар суурь мэдээлэл бүрдүүлэх, тэдгээрийн цаашдын хувьсал өөрчлөлтийн чиг хандлагыг тодорхойлох, түүнд үндэслэн биологийн төрөл зүйлийг хамгаалах менежментийн үндэслэлийг боловсруулах ажлын онолын үндэс болсон ангилал зүй, экологи, биогеографийн судалгааг хийх зайлшгүй шаардлагатай юм. Түүнчлэн амьдралын эргэлт ба үржил хөгжлийн үе шатууд нь тодорхой судлагдаагүй маш олон төрөл зүйл бий бөгөөд тэдгээрийг хөгжлийн биологийн чиглэлээр гүнзгийрүүлэн судлах шаардлагатай. Энэхүү судалгаагаар дараахь зорилтуудыг дэвшүүлж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Yүнд: Палеарктик, Ориенталь бүс нутгийн хөрсний микроартроподын ангилал зүйн судалгааг хийж, шинэ төрөл зүйлийг илрүүлэх; Ялгаатай бүс нутаг, экосистем, амьдрах орчны хөрсний микроартроподын бүлгэмдэл, олон янз байдлыг тодорхойлох; Байршил болон экологийн шинжээрээ ялгаатай бүс нутгуудын хөрсний микроартроподын зарим бүлгийн биогеографийн бүрдэлд анализ хийж, харилцан холбоог илрүүлэх; Амьдралын эргэлт, үржил хөгжлийн үе шатууд нь тодорхойгүй төрөл зүйлүүдийн онтогенез, филогенезийн судалгааг хийх. Энэхүү судалгааны эцэст Палеарктик, Ориенталь бүс нутгийн хөрсний микроартроподын ангилал зүй, бүлгэмдэл болон олон янз байдал, биогеографи, онтогенез, филогенез зэрэг судалгааны чиглэлээр үр дүн гаргаж, тэдгээрийг нэгтгэн олон улсын импакт фактор бүхий мэргэжлийн сэтгүүлд нэгдүгээр зохиогчоор 2-3 эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлнэ. Түүнчлэн энэхүү судалгаанд хэд хэдэн залуу судлаачид, ахисан түвшний болон бакалаврын түвшний оюутнууд оролцон ажиллаж өөрсдийн судалгааны ажлын анхдагч материалыг цуглуулах, улмаар хээрийн болон лабораторийн судалганы арга зүйд суралцаж дадлагажих боломж бүрдэнэ.

Усны электролизоор энергийн нягт ихтэй, нөхөн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр болох устөрөгчийг гарган авснаар энерги болон усыг хадгалах зорилгоор түлшний элементэд хэрэглэгдэх бүрэн боломжтой юм. Сүүлийн үед авто машины үйлдвэрлэлд усны электролизоор устөрөгч гарган авч түлшний үүсгүүр болгон хэрэглэх, устөрөгчийн хөдөлгүүрт авто машинд устөрөгчийг түлш болгон хэрэглэх боломжийн талаарх судалгаа эрчимтэй хийгдэж байна. Үйлдвэрт ихэнхдээ устөрөгчийг байгалийн хийнээс гарган авдаг боловч усны электролиз нь зөвхөн устөрөгч, хүчилтөрөгч ялгаруулдагаараа давуу талтай, судлаачдын анхаарлын төвд зүй ёсоор ордог юм. Үйлдвэрлэлийн өртөг өндөр, ердийн даралт, температурт гарган авах боломжгүй, катализатор болох Pt үнэтэй учраас дэлхийд үйлдвэрлэгдэж буй устөрөгчийн ердөө 5%-ийг электролизийн аргаар гарган авдаг. Усны электролизыг 100% бүтээмжтэй явуулахад 39.4 кВ/кг эрчим хүч шаардагдах боловч өнөөдрийн байдлаар Pt катализатортой 70% бүтээмжтэй ажиллуулж байна. Ийнхүү үнэтэй, металл суурьтай катализатор хэрэглэдэг учраас электролиз нь байгалийн хийнээс устөрөгч гарган авах зардлаас 2 дахин үнэтэй байдаг сул талтай. Хямд, үнэт металлын агууламж багатай, энергийн бүтээмж ихтэй катализаторыг гарган авснаар электролизоор устөрөгчийг ердийн даралт, температурт гарган авч, хэрэглээнд ашиглах, байгаль орчинд хор нөлөөтэй түлшнээс татгалзах боломжийг бидэнд олгоно. Иймд дэвшүүлж буй энэ төслийн хүрээнд нүүрстөрөгчийн наноматериал зэрэг 2D материалд суурилсан молбидений сульфид / оксид, эсвэл рени атомыг шигтгэсэн гадаргуугийн талбай ихтэй, идэвхтэй электрокатализаторыг синтезлэн хүчиллэг болон суурилаг орчинд устөрөгч хийг гарган авч түлшний элементэд болон цахилгаан гарган авахад хэрэглэн ногоон технологийг бий болгохоор зорьж байгаа юм.

Газарзүйн байрлал, экологийн нөхцлийн хувьд ялгаатай боловч гарал үүслийн хувьд Палеарктик ба Ориенталь бүс нутгийн хөрсний микроартропод бүлгийн амьтад нэг нэгэнтэйгээ ихээхэн холбоотой учир тэдгээрийн ангилал зүй, экологи, биогеографийн судалгааг хийх нь фауногенезийн асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой. Гэвч дээрх биогеографийн бүс нутгуудын микроартроподын судалгаа бүрэн бус хийгдсэн ба ялангуяа зарим овог, төрлийн төлөөлөгчид огт судлагдаагүй үлдсэн байна. Иймд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээр ашиглалт, үйлдвэрлэл зэрэг хүний үйл ажиллагааны улмаас байгальд үзүүлэх нөлөө эрс нэмэгдэх болсон сүүлийн жилүүдэд эдгээр бүс нутгийн хөрсний амьтдын биологийн олон янз байдлын бүрэлдэхүүн, ангилал зүй, олон янз байдлын талаар суурь мэдээлэл бүрдүүлэх, тэдгээрийн цаашдын хувьсал өөрчлөлтийн чиг хандлагыг тодорхойлох, түүнд үндэслэн биологийн төрөл зүйлийг хамгаалах менежментийн үндэслэлийг боловсруулах ажлын онолын үндэс болсон ангилал зүй, экологи, биогеографийн судалгааг хийх зайлшгүй шаардлагатай юм. Түүнчлэн амьдралын эргэлт ба үржил хөгжлийн үе шатууд нь тодорхой судлагдаагүй маш олон төрөл зүйл бий бөгөөд тэдгээрийг хөгжлийн биологийн чиглэлээр гүнзгийрүүлэн судлах шаардлагатай. Энэхүү судалгаагаар дараахь зорилтуудыг дэвшүүлж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Yүнд: Палеарктик, Ориенталь бүс нутгийн хөрсний микроартроподын ангилал зүйн судалгааг хийж, шинэ төрөл зүйлийг илрүүлэх; Ялгаатай бүс нутаг, экосистем, амьдрах орчны хөрсний микроартроподын бүлгэмдэл, олон янз байдлыг тодорхойлох; Байршил болон экологийн шинжээрээ ялгаатай бүс нутгуудын хөрсний микроартроподын зарим бүлгийн биогеографийн бүрдэлд анализ хийж, харилцан холбоог илрүүлэх; Амьдралын эргэлт, үржил хөгжлийн үе шатууд нь тодорхойгүй төрөл зүйлүүдийн онтогенез, филогенезийн судалгааг хийх. Энэхүү судалгааны эцэст Палеарктик, Ориенталь бүс нутгийн хөрсний микроартроподын ангилал зүй, бүлгэмдэл болон олон янз байдал, биогеографи, онтогенез, филогенез зэрэг судалгааны чиглэлээр үр дүн гаргаж, тэдгээрийг нэгтгэн олон улсын импакт фактор бүхий мэргэжлийн сэтгүүлд нэгдүгээр зохиогчоор 3-аас доошгүй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлнэ. Түүнчлэн энэхүү судалгаанд хэд хэдэн залуу судлаачид, ахисан түвшний болон бакалаврын түвшний оюутнууд оролцон ажиллаж өөрсдийн судалгааны ажлын анхдагч материалыг цуглуулах, улмаар хээрийн болон лабораторийн судалганы арга зүйд суралцаж дадлагажих боломж бүрдэнэ.

Хөнгөн цөмийн хоёр болон түүнээс дээш тооны кластер болон салах босго энергийн орчимд онолоор тооцоологдсон болон туршлагаар хэмжигдсэн фото-урвалын огтлолын үр дүнд анализ хийн, цөмийн кластер бүтцийн талаар сонирхолтой үр дүнгүүдийг гарган авч ирсэн туршлагадаа тулгуурлан дэвшүүлж буй төслийг гүйцэтгэнэ. Хөнгөн цөмийн бүтцийн талаар шинэ мэдээлэл гарган авснаар од нарны төвд явагддаг хөнгөн цөмийн нэгдэх урвалын процессын урвалын хурдыг тооцоолж, цөмийн-астрофизикийн асуудалд нэн тэргүүнд тавигддаг гелий шатах процессыг үнэлэхэд шаардлагатай мэдээлэл гарган авна.

Банздоо нь нийлмэл цэцэгтний овгийн хамгийн том төрөл бөгөөд дэлхийд 400 зүйл байдгаас Монголд 53 зүйлийн банздоо бүртгэгдсэн. Монгол улсын 1987, 1997, 2013 оны улаан номонд нэн ховор, Монгол орны ургамлын улаан дансанд устаж байгаа (CR) ангилалаар бүртгэгдсэн Saussurea dorogostaiskii Palibin (Дорогостайскийн Банздоо)-г судалгаанд сонгон авлаа. S. dorogostaiskii Оросын холбооны улсын Сибирийн өмнөд хэсэг, Монгол орны хойд хэсгийн тайгын бүсэд тархалттай завсрын унаган ургамал юм. Монгол орны Хорьдол Сарьдагийн нуруу, Улаан тайга, Их уул зэрэг цөөн газарт 2300-3300 метрийн өндөрт тохиолддог, амьдрах орчны хязгаарлагдмал нөхцөлд ургадаг ургамал юм. Ихэнх нэн ховор зүйлүүдийн популяцын хэмжээ жижиг, байгалийн хүнд хэцүү нөхцөлд ургадаг. Популяцын хэмжээ багасах тусам гадаад хүчин зүйлийн нөлөөнд ургамал илүү өртөмтгий болж генетик дрифт, инбридингийн сөрөг нөлөө ажиглагдаж, генетик вариац буурдаг. Тиймээс бүс нутгийн хамгааллын төлөвлөгөө боловсруулахад ховор ургамлын генетик бүтцийг судлах зайлшгүй шаардлагатай байдаг. Ийм учраас популяцийн доторхи болон популяци хоорондын генетикийн зайг тодорхойлохын тулд микросателийн маркерийг ашигладаг. Энэ судалгаанд популяцийн түвшний генетик вариацийг үнэлэхэд өргөн хэрэглэдэг ISSR (inter simple sequence repeat) маркерийг ашиглана. Ховор ба нэн ховордсон зүйлийн популяцийн доторхи болон ба генетик вариацийн талаархи мэдлэг нь тэдгээрийг хамгаалахад чиглэсэн менежментийн зохистой стратеги боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэхүү судалгааны ажлын үр дүнд Монгол орны нэн ховор ургамал S. Dorogostaiskii-ийн популяцийн генетик бүтцийг тодорхойлж хамгааллын төлөвлөгөө боловсруулна.

Энэхүү судалгааг Дэлхийн Байгаль Хамгаалах Сан “WWF”-гийн Монгол Улс дах хөтөлбөрийн газраас хэрэгжүүлж буй “Монгол орны Алтай-Саяаны экобүс дэх дэлхийд чухал экосистемийн хамгаалалтыг сайжруулах” төслийн хүрээнд МУИС-ийн ГГС-ийн Хүрээлэн Буй Орчин Судлалын Профессорын Багаас гаргасан зөвлөмжийн дагуу боловсруулав.

Улаанбаатар хотын 2009-2019 оны газрын бүрхэвчийн өөрчлөлтийг (гол, ой, барилгажсан талбай, ургамал, газар тариалан, элс) зайнаас тандан судлал ашиглан дунд нарийвчлалын Landsat хиймэл дагуулын зурагт засал хийж сургалттай ангиллыг ашиглан газрын бүрхэвчийн өөрчлөлтийг тооцоолох.

Хотын дулааны арал (UHI) нь хүний үйл ажиллагаатай шууд хамааралтай бөгөөд хүрээлэн буй орчинд цаг уур, уур амьсгалын өөрчлөлтийг илэрхийлэгч чухал үзүүлэлт юм. Суурин газруудын газрын бүрхэвчийн өөрчлөлт, хүн амын тоо нэмэгдснээр хотжилт тэлж, улмаар UHI-ийн үндсэн үзүүлэлт болох агаарын температур нэмэгддэг. Температур ихсэх нь ургамлын ургалтын хугацаа, агаарын чанар, усны чанар, экосистемийн бүрэлдэхүүн хэсгүүдэд мөн өөрчлөлтүүдийг үзүүлдэг байна. Эдгээр нөлөөллүүдийг багасгахын тулд нүцгэн хөрсийг ургамалжуулах, ойжуулах зэрэг байгаль хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр салхины эрчим нэмэгдэж температур буурахад нөлөө үзүүлдэг. Улаанбаатар хотын хүн амын өсөлтийг даган үүсэж буй хотын газар ашиглалт, газрын бүрхэвчийн өөрчлөлтийн асуудал нь орчны болон гадаргуугийн температуртай шууд холбоотой байна. Улаанбаатар хотын дулааны арал (UHI)-ын төлөв байдлын зураглалыг өндөр нарийвчлал бүхий Landsat хиймэл дагуулын мэдээн дээр үндэслэн 2010, 2020 оны өвөл зуны газрын бүрхэвчийн өөрчлөгдөх зүй тогтлын тархалтыг 10 жилийн харьцуулалт, ногоон байгууламж тарих боломж бүхий бүсүүдийг тогтоох нь энэхүү судалгааны үндсэн зорилго юм. Түүнчлэн энэхүү тооцооллын үр дүнг ургамлын нормчилогдсон индекс (NDVI), газрын гадаргын температур (LST) зэрэг орчны үзүүлэлтүүдтэй харьцуулан дээрх хугацаанууд дахь газрын бүрхэвчийн өөрчлөгдөх зүй тогтлын тархалтыг гаргав.

Дундговь аймгийн цаг уурын ажиглалтын 67 цэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А-114 тушаалаар батлагдсан “Цөлжилтийн хяналт шинжилгээний заавар” болон Газар зүйн хүрээлэнгийн хөрс судлалын лабораторийн Хөрсний мониторингийн аргачлалын дагуу цэг бүрд хөрсний зүсэлтэд хөрсний морфологи бичиглэл хийж, лабораторийн шинжилгээний сорьц авч хөрсний элэгдэл эвдрэлийн ажиглалт хийлээ.

Байгаль орчны төлөв байдлын тайланг 2 жилд 1 удаа гаргадаг бөгөөд 2017-2018 оны аймгийн хэмжээний тайланг боловсруулж, ном болгон хэвлүүлж, 15 сум, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, төр, хувийн хэвшлийн байгууллагуудыг мэдээллээр хангах зорилгоор тараасан. 2019-2020 оны төлөв байдлын тайланг ийнхүү боловсруулав. Байгаль орчны төлөв байдлын тайлангийн зорилго нь байгаль орчны одоогийн төлөв байдлыг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт өгч, бодлого төлөвлөгөө боловсруулахад суурь мэдээлэл болох юм.

Судалгаа