SARS-CoV-2 нь Coronaviridae вирусийн бүлд хамрагдах, капсидаар багцлагдсан дан утаслаг РНХ агуулсан вирус юм. Капсид нь мембраны (M) уураг, гадна бүрхүүлийн (E) уураг, титэм гликопротейноос (Spike, S) тогтоно. вирусийн гадаргуугийн титэм уураг нь рецепторт холбоогдох домеин (Receptor binding domain, RBD) бүтцээрээ эзэн эсийн ангеотензин хувиргагч эсгэг-2 (Angiotensin converting enzyme-2, ACE-2) рецептортой холбогддон эс рүү нэвтэрдэг2. SARS-CoV-2-ын гадаргуугийн титэм уургийн мэдээллийг агуулсан генийн дарааллыг вакцин үйлдвэрлэхэд ашигладаг бөгөөд түүнчлэн уг уургийн эсрэг үүссэн IgM, IgG, IgA-ийн түвшин нь халдвар, өвчний үе шатыг илтгэх чухал үзүүлэлт болдог бол вакцинаар өдөөгдсөн дархлаа тогтцыг саармагжуулагч эсрэгбие, S уургийн RBD-ийн эсрэг үүссэн IgG, IgM, IgG, IgA түвшнийгээр хянах боломжтой юм3. Одоогоор дэлхий нийтэд хэрэглэгдэж буй SARS-CoV-2-ын эсрэг вакцинууд нь вирусийн титэм уургийн мэдээллийн РНХ-ийг ашиглах, вирусыг идэвхгүйжүүлэх, аденовирусийн векторт угсрах зэрэг технологиудыг ашиглаж байна. Тухайлбал; БНХАУ-ын Sinopharm үйлдвэрийн “BIBP” вакцин нь SARS-CoV-2-ыг эсийн өсгөвөрт олшруулан, дулааны болон химийн бодисоор идэвхгүйжүүлэн, вакцин үйлдвэрлэх уламжлалт технологит үндэслэгдсэн бол БНЭУ-ын Serum institute үйлдвэрийн “ChAdOx1 ” вакцин нь SARS-CoV-2-ын титэм уургийн мэдээллийг агуулсан нуклейн хүчлийн дарааллыг сармагчины аденовирусийн векторт угсарч, улмаар бөөрний хучуур эсийн гаралтай HEK293 шугаман эсийн өсгөвөрт олшруулан гаргаж авсан рекомбинант ДНХ технологит суурилсан. АНУ-ын Үндэсний халдварт өвчин, харшлын институтын “Модерна” вакцин нь вирусийн титэм уургийн мэдээллийн РНХ-ийн дарааллыг липидийн нанопартиклд бэхлэн бэлтгэсэн вакцины шинэ технологиор үйлдвэрлэгдсэн байна.
Одоогоор Монгол улсад коронавирусийн эсрэг вакцинжуулалттай холбоотой Эрүүл Мэндийн сайдын нийт 23 тушаал, тогтоол гарсан. Улсын хэмжээнд SARS-CoV-2-ын эсрэг вакцинжуулалт 2021 оны 02 сарын 23-ны өдрөөс эхлэсэн ба ChAdOx1/ChAdOx1 вакцинаар эрүүл мэндийн ажилчид болон төрийн албан хаагчдыг, BNT162b2 вакцинаар зорилтот бүлгийн хүн амыг, BIBP дийлэнх иргэдийг дархлаажуулсан билээ. SARS-CoV-2-ын эсрэг хэрэглэгдэж буй вакцинууд нь богино хугацаанд яаралтайгаар хөгжүүлж гаргасан мөн түүнчлэн олон төрлийн шинэ технологид суурьлаж байгаа нь тухайн вакцины үр нөлөөг олон талаар судлах үндсэн нөхцөл болж байна. Өөрөөр хэлбэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эдгээр вакцин нь бүс нутаг тодорхой улс орны хүн амд хэр үр дүнтэй шингэний дархлаа тогтоож байгааг үнэлэх зайлшгүй шаардлагатай. Ингэснээр Монгол улсын хүн амыг цаашид дархлаажуулахад ямар вакциныг сонгоход тухай асуудалд ч мөн чухал ач холбогдол бүхий үр дүн болох юм.