Хайлтын үр дүн

52 илэрц олдлоо.

“Улсын хил орчмын аймаг, сумын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хил хамгаалалтад иргэдийн оролцоо” сэдэвт судалгааг Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Удирдлагын академи болон Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн хил судлалын хүрээлэнгийн судлаачид 2025 онд хамтран, улсын төсвөөр гүйцэтгэв. Судалгааны хүрээнд улсын хил орчмын 14 аймаг, хил орчмын 70 сумын хүн ам зүйн 5 үзүүлэлт, нийгмийн үйлчилгээний 4 үзүүлэлт, эдийн засгийн 6 үзүүлэлтийн 2020–2024 оны өгөгдөлд статистик шинжилгээ хийж, хөгжлийн түвшнийг тогтоож, үзүүлэлт тус бүрээр 3–4 ангилж, аймаг сумаар нь бүлэглэж, голлох үзүүлэлтээр индекс тооцож, өнөөгийн байдлыг тодорхойлов. Улсын хил хамгаалалтад иргэдийг оролцуулж ирсэн түүхэн уламжлалыг 4–5 үечилж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын төрөөс хилийн талаар баримтлах бодлогын баримт бичигт тусгагдсан онолын үзэл баримтлалыг судалж, ололт амжилт, сорилтыг тодорхойлов. Монгол Улсын хилийн тухай хууль, Улсын хил хамгаалалтад иргэдийг оролцуулах журмын дагуу нутгийн захиргааны байгууллагатай хамтарч хил хамгаалалтад туслах хүчний гишүүн (ТХГ) ажиллуулдаг бөгөөд энэхүү ажлыг Хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус зөвлөл (ХХТХЗ) хариуцан хэрэгжүүлж байна. Үүнийг баримт бичигт суурилсан ярилцлагын аргаар шинжилсний үндсэн дээр “ХХТХЗ-ийн ажлын 6 хэлбэр” байгааг илрүүлж, талуудын Хамтын ажиллагааны түвшнийг “3Co” загвараар үнэлж, “Зөвлөлийн хамтын ажиллагааны матриц” боловсруулав. Монгол Улсын хилийн тухай хуульд заасан аймаг, сумын Засаг даргын бүрэн эрхийн хэрэгжилтийг судалж, улсын хил орчмын аймаг, сум, багийн чиг үүрэг тодорхой бус, төсөв санхүүгийн хуулийн хязгаарлалт зэргээс бүрэн эрхийн хэрэгжилт 58 хувьтай байгааг тогтоож, чиг үүргийн хийдлийг арилгахын тулд холбогдох хуульд нэмэлт оруулах саналыг боловсруулав. Хил орчмын алслагдсан сумын эдийн засаг идэвхгүй, дэд бүтэц хоцрогдсон, нийгмийн үйлчилгээ хангалтгүй, хүн амын шилжих яван хөдөлгөөн нэмэгдсээр байгаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд эрсдэл үүсгэж болзошгүй байгааг онцлов. Энэхүү байдлыг Төрийн бодлогын түвшинд авч үзэж, алслагдсан сумын хөгжлийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, хил орчмын сумдын хөгжлийг дэмжихэд аймаг, сумын ЗДТГ, ХЦА, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх санал, зөвлөмжийг дэвшүүлэв.

Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг зорьж буй Монгол Улсын хувьд төрийн бодлого, шийдвэрийн үр дүн нь өрх, иргэдийн амьжиргаа, амьдралын чанараар хэмжигдэх учиртай. Ахмад настнуудын нийгмийн хамгааллын гол арга хэрэгсэл болох өндөр насны тэтгэвэр нь тухайн ахмад настанд төдийгүй өрхөд ямар нөлөө үзүүлж байгааг судалснаар нийгмийн даатгалын бодлого, тогтолцоог бодитоор дүгнэх боломж бүрдэнэ. Монгол Улсад нийгмийн даатгалын тогтолцоонд үл итгэх хандлага давамгай, өндөр насны тэтгэврийн хэмжээ бага, хүрэлцээт байдал хангалтгүй гэсэн ойлголт түгээмэл байгаа энэ үед Нийгмийн Даатгалын Ерөнхий Газраас “Өрхийн эдийн засагт өндөр насны тэтгэврийн үзүүлж буй нөлөө” сэдэвт судалгааг гүйцэтгүүлэх захиалга өгсөн нь цагаа болсон ажил юм. Удирдлагын академийн судалгааны багаас 2019 онд хэрэгжүүлсэн “Өндөр насны тэтгэврийн тогтолцооны өнөөгийн байдал” сэдэвт судалгааны тайланд тэтгэврийн тогтолцооны хүрэлцээт байдлыг тухайлан судлах шаардлагатай талаарх дүгнэсэн нь дээрхтэй уялдаж байна. Орчин цагт өрхийг эдийн засгийн суурь институц хэмээн үзэж, өрхийн эдийн засгийг орлого, зардал гэсэн үндсэн орчил хөдөлгөөний хүрээнд авч үзэж байгааг “Өрхийн эдийн засагт өндөр насны тэтгэврийн үзүүлж буй нөлөө” сэдэвт судалгаанд эш үндэс болгов. Түүнчлэн өндөр насны тэтгэврийн хувь хүн, өрхөд үзүүлж буй нөлөөг тоон үзүүлэлтээс гадна өөрийн үнэлгээнд суурилан тодорхойлж байгааг харгалзсан болно.

Энэхүү судалгаагаар төрийн захиргааны байгууллагад нийтлэг байдлаар хэрэгждэг “Чиг үүрэг нь бүтцээ тодорхойлно” хэмээх зарчмыг нутгийн захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтад шинжилгээ баримталж, шинжилгээг хийв. Хатуу төвлөрсөн тогтолцоотой байсан манай орны хувьд голчлон “дээрээс доош” чиглэсэн буюу уламжлалт загварын дагуу эрх мэдэл, чиг үүргийг шилжүүлж ирсэн. Энэ үүднээс 2020 онд баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгад орон нутагт гүйцэтгэх чиг үүргийг тодорхойлохдоо “эрх мэдлийг шилжүүлэх” (devolution) болон “төлөөлүүлэн гүйцэтгүүлэх (delegation)” аргаар хуваарилсан гэж үзэж, тэдгээр чиг үүргийг хэрэгжүүлэхэд Нутгийн захиргааны байгууллагын өнөөгийн бүтэц, зохион байгуулалт нийцэж байгаа эсэхийг шинжлэн үзлээ. Ийнхүү судлахдаа нэг талаас, нутгийн захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоо, чиг үүргийн хуваарийг тогтоохтой холбоотой Монгол Улсын хууль, УИХ, Засгийн газрын шийдвэрийг түүвэрлэх, 1911 оноос хойш нутгийн захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг тогтоож ирсэн хууль, тогтоомж, холбогдох байгууллагын шийдвэр, бусад түүхэн эх сурвалж, архивын материал, нөгөө талаас аймаг, сумын захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоо, чиг үүргийн хуваарийг тогтоосон, өөрчилсөн, өөрчлөхөөр санал гаргасан, бусад холбогдох эрхийн акт, мэдээллийг судлав.

Төрийн албаны тухай хууль 2017 онд шинэчлэн батлагдаж 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Уг хуулиар төрийн албан хаагчийн сургалтын тогтолцоог шинэчилж, Засгийн газрын харъяа төрийн албаны сургалтын байгууллага сургалтыг эрхлэн зохион байгуулах төвлөрсөн тогтолцоотой байх зохицуулалтыг хуульчилж өгсөн болно. Төрийн албаны тухай хуульд зааснаар иргэн төрийн албанд томилогдсоны дараа болон төрийн албанд ажиллах хугацаандаа богино, дунд хугацааны сургалтад тогтмол хамрагдах, тодорхой заасан ангиллын төрийн албан тушаалд дэвшин томилогдохын тулд холбогдох сургалтад хамрагдаж төгссөн байх гэсэн тусгай шаардлагыг тодорхойлсон юм. Төрийн албан хаагчдын мэргэшүүлэх сургалтад 2019 оноос 2025 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл давхардсан тоогоор 14780 хүн бүртгүүлэн суралцсан бөгөөд 2025 оны эхний хагас жилийн байдлаар 12865 хүн буюу элсэн суралцагчдын 86 хувь нь төгссөн байна. Гэхдээ төрийн албан хаагчийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн атлаа төрийн албанд ажил эрхлэхгүй байх, төрийн албан тушаалын шатлал ахих тусам тухайн албан тушаал эрхэлж буй албан хаагчдын тогтвортой ажиллах явдал алдагдаж шатлан дэвших зарчим хэрэгжихгүй, улс төрийн нөлөөллийн зарчмаар шинээр хүмүүс томилж хуучин албан хаагчдыг халж сэлгэх байдал нэмэгдэх хандлагатай болов. Энэ нь төрийн албан хаагчдын сургалтын үр дүнг нарийвчлан судлах, өөрөөр хэлбэл сургалтад хамрагдсаны дараах мөшгих судалгааг хийх шаардлага байгааг харуулж байна. Энэхүү судалгааны зорилго нь төрийн захиргааны албан хаагчийн сургалтын үр дүнг төрийн албан хаагчдын ажил эрхлэлт, шатлан дэвших тогтолцоотой уялдуулан шинжилгээ хийж дүгнэлт, санал боловсруулж гаргахад оршино. Уг судалгаа нь тодорхойлох судалгааны төрөлд хамаарч байгаа бөгөөд “сургалтын үр дүн”, түүнийг хэмжих шалгуур үзүүлэлтийг онол, арга зүйн хүрээнд судалж, төрийн захиргааны албан хаагчдын сургалтын үр дүнд шинжилгээ хийлээ.

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академи нь төрийн захиргаа, төрийн бодлогын судалгаа, эрдэм шинжилгээ, сургалтын төв байгууллага болохынхоо хувьд жил бүр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, төрийн захиргааны төв байгууллагуудаас захиалга авч суурь болон захиалгат судалгааг хийж ирсэн. Танд тайланг толилуулж буй “Цахилгаан эрчим хүчний үнийн шийдвэрт оролцогч талуудын эрх мэдэл, нөлөөллийн шинжилгээ” хэмээх энэхүү судалгаа нь 2025 оны захиалгат судалгаануудын нэг бөгөөд Удирдлагын академи, Монгол Улсын Боловсролын их сургуулийн багш нар болон Удирдлагын академийн докторантууд баг болон уг судалгааг гүйцэтгэв.Аливаа улсын эдийн засгийн суурь салбарын нэг тул эрчим хүчний салбарт төрийн оролцоо өндөр, ялангуяа эдийн засгийн өсөлт, бизнесийн тэлэлт, ард иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг тул цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг төрөөс тодорхой хэмжээнд зохицуулах нь элбэг. Хэдийгээр манай улс зах зээлийн эдийн засагт шилжээд багагүй хугацаа өнгөрсөн боловч цахилгаан эрчим хүчний салбарыг либералчилж чадаагүй, хэрэглэгчдийн төлдөг үнэ нь үйлдвэрлэлийн өртгийг нөхөж чаддаггүй нь эрчим хүчний салбарын хөгжлийг боомилох гол хүчин зүйл болсон. Цахилгааны тарифын өсөлт нь хэрэглэгч өрхүүдийн амьжиргаа, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардалд нөлөөлж, улмаар бараа, үйлчилгээний үнийн өсөлтийг өдөөдөг тул иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг, “улс төржих” сэжим болдог эмзэг асуудал билээ. Энэ ч үүднээс эрчим хүчний салбарт үнэ тарифыг тодорхойлоход оролцогч талуудын сонирхол, оролцоог анхаарч үзэх шаардлагатай. Манай энэ удаагийн судалгаанд эрчим хүчний үнийн шийдвэрт оролцогч талуудыг хамруулан улс төрийн эдийн засгийн хандлагаар судалж, тэдний сонирхол, байр суурь, үнийн бодлого дахь эрх мэдэл, нөлөөллийг тодорхойлсон. Мөн цахилгааны тарифын 2024 оны өөрчлөлтийг кейс болгон авч хэрэглэгчдийн үзүүлж буй хариу үйлдэл, зан үйлд гарч буй өөрчлөлтийг тодруулахыг хичээсэн нь цаашид эрчим хүчний салбарын үнэ тарифын бодлогыг үр дүнтэй тодорхойлж хэрэгжүүлэхэд тус дөхөм болох биз ээ. Цахилгаан эрчим хүчний үнэ тарифын бодлого, шийдвэрт оролцогч талуудын сонирхол, эрх мэдэл, нөлөөллийг тодорхойлж, үнэ тарифын өөрчлөлтийн хэрэглэгчийн ялгаатай бүлгүүдэд үзүүлж буй нөлөө, тэдний хариу үйлдлийн онцлогийг тогтооход энэхүү судалгааны зорилго оршино.

1992 оноос хойших Монгол Улсын төрийн захиргаа, төрийн албанд холбогдох баримт бичигт шинжилгээ хийх замаар төрийн албаны эрхэмж, уламжлалыг захиргааны шинжлэх ухааны өнцгөөс голлон судалж тодрууллаа.

БНСУ-ын Төрийн захиргааны институт (КИПА) болон Удирдлагын академийн хамтарсан энэхүү судалгаа нь Солонгос, Монгол хоёр улсын авлигатай тэмцэх бодлого хэрхэн хэрэгжиж ирсэн үйл явц, авлигатай тэмцэх засаглалын бүтэц, бодлогын арга хэрэгслийг харьцуулан шинжлэх зорилготой.

Төрийн захиргааны албан тушаалд тавигдаж буй “мэргэжил”-ийн шаардлагыг тодорхойлсон өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, “мэргэжил”-ийг тодорхойлох хэрэгцээ, шаардлагын талаар дүгнэлт, санал, зөвлөмж боловсруулахад оршино.

Засаглалын үзүүлэлт “Иргэдийн дуу хоолой ба эгэх хариуцлага”-ын хэрэгжилтэд иргэний улс төрийн эрхийн ойлголт, хэрэгжилт болон иргэний эрхийн хэрэгжилт хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлон тайлбарлахад чиглэнэ.

Нийтийн тээврийн талаар баримтлах бодлого, бодлогын хэрэгжилт, үйлчилгээний нөхцөл байдлыг харьцангуй ‘том зургаар’ тодорхойлж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр санал, зөвлөмж боловсруулсан нь энэхүү судалгааны гол онцлог юм.

Монгол Улсын төрийн албаны холбогдох хууль тогтоомжийн хүрээнд төрийн захиргааны албан тушаалд албан хаагчийг сонгон шалгаруулж томилж байгаа өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж чадахуйн зарчмын хэрэгжилтийг тодорхойлох, дүгнэлт, санал гаргахад оршино.

Монгол Улсын Төрийн захиргааны хөгжлийн хоёрдугаар үед холбогдох түүхэн эх сурвалж, ялангуяа энэ үеийн Үндсэн хуулиудад шинжилгээ хийх замаар төрийн захиргаа, төрийн албаны эрхэмж, уламжлалыг захиргааны шинжлэх ухааны өнцгөөс судалж тодруулах зорилго тавихдаа төрийн захиргаа, төрийн албаны хүрээний эрхэмж нь эцсийн эцэст улс төрийн эрхэмж (улс төрхт төлөв байдал (statehood))-ийг бэхжүүлэн хадгалагдахад чиглэгддэгийг харуулахыг хичээв.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан орон нутгийн чиг үүргийн хуваарилалт, түүний хэрэгжилтэд шинжилгээ хийж дүгнэлт санал боловсруулах.

Төрийн албан хаагчийн ёс суртахууныг зохицуулж буй хууль, дүрэм болон зөрчлийн тохиолдлуудад /кейс/ агуулгын шинжилгээ хийх замаар ёс зүйн төрөлжсөн хууль тогтоомжуудын харилцан уялдааг тогтоох зорилготой.

“Төрийн албаны тухай хууль”-аар шинэчлэн тогтоосон төрийн албан хаагчийн сургалтын тогтолцоо, түүний хэрэгжилтийн үйл явц, үр дүнд шинжилгээ хийж төлөв байдлыг тодорхойлон дүгнэлт, зөвлөмж боловсруулж гаргах.

Төрийн захиргааны албан хаагч мэргэшсэн байх тухай ойлголтыг тодорхойлж, мэргэшсэн байдлыг нь хэмжих шалгуурыг тодорхойлоход энэхүү судалгааны зорилго оршино.

Судалгаа