Барилга байгууламжийн суурь, тулгуур болон газар доорх байгууламжийн бүтээцэд тавигдах гол шаардлага нь ашиглалтын хугацаанд чанарын өндөр түвшинг хадгалж байх явдал байдаг. Газар доорх байгууламжид олон нийтийн үйлчилгээний барилгаас гадна үйлдвэрлэл, зам тээвэр, гүүрийн, эргэлтийн усан хангамжийн систем, цэвэрлэх байгууламж зэрэг инженерийн байгууламж, барилгын суурь, тулгуурын бүтээцийн хэсэг орно. Тухайлбал барилга байгууламжийн суурь, зоорийн хэсэг, ус зайлуулах болон дамжуулах хоолой, түшиг хана, агаарын шугамын тулгуур, усжуулалтын болон үерийн усны хамгаалалтын бүтээцүүдийг нэрлэж болно. Эдгээр барилга байгууламжийн газар доорх болон тулгуурын бүтээцүүдийг бат бэх, удаан ажиллах чадварыг нь бодолцож бетон болон төмөрбетоноор хийдэг.